Бодлогын Аксиоматик-Диконструктив Үндэс, Найдвар, Тохирц


Бодлогын Аксиоматик-Диконструктив Үндэс,                                                             Найдвар, Тохирц
Ц.Лувсандорж, МУБИС

Хураангуй
Энэ өгүүллээр бодлогын аксиоматик-диконструктив шинжилгээний үндэс,  арга зүйг  түүний найдвар, тохирцын хэмжүүрийн хамт танилцуулна.
Түлхүүр: болдогын аксиоматик-диконструктив үндэс
Удиртгал
            Өнөө цагийн бидэнд “хууль нь цоорхой, бодлого нь лобби” гэсэн үг хэллэг их танил болжээ. “Хууль нь цоорхой” гэсэн хэллэг “хуулийн заалт нэг мөр, нэг утга агуулгаар ойлгогддоггүй” гэсэн утгыг тээж явдаг бол “бодлого нь лобби” гэсэн хэллэг “бодлогыг өмчлөх, түүнийг эзэмшихийг хүсэгч, сонирхогчийн явцуу язгуур эрх ашиг, сонирхол, үнэт зүйл, соёлыг нийтээр даган мөрдөх бодлого болгох”  гэсэн утгыг илтгэж байдаг юм. 
            Хуулийг цоорхойжуулж, бодлогыг лоббижуулах нь хуулиар удирдах[1] ёсонд үл нийцнэ. Олонхийн төлөөллөөр батлагдсан хуулиар л улс орныг бүхэлд нь хүчлэн удирдахад мөн чанар нь оршдог ардчиллын ёсонд ч энэ нь бас үл нийцнэ. Тэгэхээр хуулиар засаглахыг засаглалынхаа хэлбэр болгож түүнийгээ үндсэн хуулиараа үнэт зүйл болгосон улсад  хууль цоорхойгүй, бодлого  лоббигүй байх нь зарчим юм. Мөн  үнэт зүйл, хариуцага, ёс зүй, ёс суртахуун ч мөн. Иймд хуулийг цоорхойгүй, бодлогыг лоббигүй яаж хийх вэ?  Хууль цоорхой, бодлого  лобби болсныг яаж таних вэ?
            Дэвшүүлж буй асуултад хариулт хайсан урт аяны удаан эргэцүүллийн дүнд  судлаач “хуулийн цоорхойжилт, бодлогыг лоббижилтыг аксиоматик-диконструктив шинжилгээгээр илрүүлж болно” гэсэн таамаглалд хүрсэн юм.
            Энэ өгүүллээр уул таамаглалыг  интерпретаци хийх арга зүй, индуктив аргаар нотлон харуулахын  оролдохын зэрэгцээ  бодлогын  аксиоматик-диконструктив үндэс, түүнд ийм шинжилгээ хийх арга зүй, түүний найдвар, тохирцыг хэмжин тогтоох хэмжүүрийг  санал болгоно.
Бодол бодлого болох зам
            Аливаа шийдвэрийн үндэслэл болох санаа, бодлын тогтолцоог бодлого гэнэ. Бодлого болж чадахуйц бодол санаа ихэвчлэн зарчим хэлбэрээр илэрхийлэгддэг. Ийм учраас бодлого аливаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үйлийн хөтөч, зарчим байдлаар бичигдэнэ.  Бас ингэж тодорхойлогдох нь олонтой. 
            Бодол бүхэн, гэвч, бодлого болох нь албагүй. Бодол бодлого болохын  тулд дараах үе шат бүхий замыг туулдаг.Үүнд:
             Нэгдүгээр үе шат:  Бодлого болох санаа, бодлоо нэгтгэх
            Энэ шатанд санаа, бодлоо бодлого болгохыг хүсэгчдийн уулзалтыг зохион байгуулна. Энэ уулзалтаар бодлого болох бодол санаагаа хэлэлцэх, цуглуулах, нэгтгэх, улмаар бодлого болгох ийм санаа, бодлыг илэрхийлсэн үзэл санаагаа тогтож, зарчмыг томьёолж, түүний дор цул болон нэгдэх үйлс өрнөдөг.
                Хоёрдугаар үе шат: Олон нийтийг татан оролцуулах шат
             Бодлоо бодлого болох сонирхол, тэмүүллийн бүл уул бодол, санаа бодлого болсноор шийдэгдэх асуудлыг дэвшүүлж, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, нийгмийн аль болох олон бүлийг “бодлоо бодлого болгох” үйлсдээ нэгтгэх олон талт үйл ажиллагааг энэ шатанд зохион байгуулна. Энэ шатанд бодлого болох бодол,санааг өдөөсөн асуудлыг хэлэлцүүлэх, гаргах бодлогын суурь үзэл санаа, зарчмаа танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдана. Өргөн олон нийтийг бодлоо бодлого болгох үйлсдээ ийнхүү татан оролцуулж чадсны дүнд энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, холбогдох ноёд түшмэлтэй холбоо тогтоож, энэ асуудлыг шийдвэрлэхэд ийм бодлого хэрэгтэй болохыг танилцуулсан байна.  Мөн энэ шатанд бодол бодлого болж чадахуйн нотолгоо болох бодлогын баримт бичиг[2] -ийн үзэл баримтлал, утга агуулга, бүтэц хэлэлцэгдэж, түүний төсөл  эхний байдлаар гарсан байна.
               Гуравдугаар үе шат: Бодол бодлогын баримт бичиг болж хэлбэржих үе шат
Энэ шатанд Засгийн газрын холбогдох яамдаар бодлыг бодлого болгон хэлбэржүүлсэн баримт бичгийг  хэлэлцүүлж дэмжүүлнэ.   
                 Дөрөвдүгээр үе шат: Бодол хууль, шийдвэр болох үе шат
            Энэ шатанд бодлыг тээсэн бодлогын баримт бичиг бусдын баримтлан даган мөрдөх хууль, шийдвэр болж эрх мэдэл бүхий холбогдох байгууллагаар нийтээр даган мөрдөхөөр батлагдсан байна.
            Асуудлаас анх үүдсэн бодол санаа хуулийн засаглалтай, ардчиллын үнэт зүйлтэй улсад ийм л алхамт замаар олон нийтийн ахуй амьдралын олон талт үйлийг чиглүүлэх удирдамж, хөтөч бодлого (хууль, тогтоол, журам, дүрэм, захирамж) болдог бол бодлого болж хувирсан тэрхүү бодол санааг тээгч нь харин ийм замаар бодлыг бодлого болгон хувиргагч, бодлогоч, бодлого урлаач болдог.    
Бодлогын аксиоматик-диконструктив шинжилгээ
            Аксиоматик онол
            Аксиом гэж хэлэгдэх үл тодорхойлогдох анхдагч үнэн (обьект, элемент), тэдгээрийн хооронд орших үндсэн харьцаа,  түүгээр бүтээгдэх өгүүлбэр, улмаар учир шалтгаант үндэслэл, гаргалгаагаар хүрэх мөрдөлгөө (теорем) бүхий тогтолцоог үнэний дедуктив онол буюу аксиоматик онол гэнэ. Аксиоматик онолд гурван үндсэн шаардлага тавигдана. 1. Хамааралгүй байх, 2. Зөрчилгүй байх, 3. Гүйцэт байх.
            Аксиоматик онолын “хамааралгүй байх” шаардлагаар аксиомын анхдагч, үл тодорхойлогдох, бие даасан шинж байдал хангагддаг бол  “зөрчилгүй байх” -аар нь түүний  гаргалгаа хийх дүрэм (логик) тодорхой болж, түүнд байж болох боломжит бүх өгүүлбэр шинжигдэх, теорем нотлогдохын үндэс, чадамж бүхэллэг байдлаар хийгдэнэ.  Харин түүний гүйцэт байх шаардлагаар энэхүү онолд хамаарах аливаа өгүүлбэр (асуулт, асуудал)-ын үнэн, худал нь (теорем эсэх нь) тогтоогдож байх нь шийдвэрлэгдэнэ.
            Үл тодорхойлогдох, анхдагч үнэнээс гаргалгааны дүрмээр хүрч болох хоорондоо нийцэлтэй, зөрчилгүй, гүйцэт  үнэний тогтолцоог  бүтээж түүгээрээ танин мэдэж үзэгдэл, юмсын мөн чанарыг тайлахад уг чанар, утга агуулга нь орших аксиоматик онол,  аксиоматик сэтгэлгээ, шаардлага, хандлага  нь математикт төдийгүй физик, хими, биологи, хэл шинжлэл, эдийн засаг,  хууль, эрх зүй, социологи, бодлого судлал, танин мэдэхүй, боловсрол, дидактик, арга судлал зэрэг шинжлэх ухааны олон талбарт өргөн хэрэглэгдэж байна  (Efimov,1980;  Stanford Encyclopedia of Philosophy, 2010).
Бодлого аксиоматик болох нь
                Бодлогын  үндсэн ойлголт, ухагдахуун, нэр томьёо, үг хэллэг нь аксиоматик онолын утгаар үндсэн обьект; эдгээр ухагдахууны уялдаа, харилцаа, хамаарал нь үндсэн харьцаа; бодлогын баримтан хэлбэр болох хууль, журам, тогтоол, шийдвэрийн заалт нь  аксиом; бодлогын эх үндэс болсон бодлыг бий болгосон сэтгэх, бодох  дүрэм нь гаргалгааны дүрэм; уул бодлогыг хэрэгжүүлэхэд хүчилсэн хуулийн заалтыг иш үндэс  болгон хийж буй аливаа шийдвэр нь теорем болж тус тус дүрслэгдэн загварчилагдаж болох тул аксиоматик онолын ерөнхий зарчмаар харвал бичвэрэн бодлого аксиоматик тогтолцооны нэгэн хэлбэр, загвар болох шинжтэй (Хүснэгт).
            Бичвэрэн бодлогыг ийнхүү аксиоматик байдлаар харвал түүнийг хээнцэр, цэмцгэр, эрхэмсэг, хүчирхэг байхад хүргэдэг дараах гурван үндсэн шаардлага түүнд тавигдах юм. Үүнд:
-Бодлого зөрчилгүй байх,
-Бодлогын заалтууд хамааралгүй байх
-Бодлого гүйцэт байх.
            “Зөрчилгүй байх” шаардлагаар бодлогын заалтууд өөр дотроо болон өөр бусад бодлогын заалттай зөрчилдөхгүй, харин нийцэлтэй байхаар бүтээгдэнэ. Ингэснээр бодлого хээнцэр[3] болдог.
            “Хамааралгүй байх” шаардлагаар бодлогын заалтууд өөр хоорондоо, цаашилбал, өөр бодлогын заалттай утгын давхцал байхгүй, харин бие даасан шинэ утгыг тээсэн  байхаар бүтээгддэг.  Иим болсноор бодлого цэмцгэр[4] болдог.
            Харин “гүйцэт байх” шаардлагаар бодлогын заалтуудыг иш үндэс болгон энэхүү бодлогын үйлчлэх хүрээний аливаа асуудлыг шийдвэрлэж болдог байхаар тэдгээрийг олж томьёолоход хүргэдэг юм.  Үүгээр бодлогын хэрэгжих чадамж бий болж тэр хүчирхэг[5] болдог.
            Мөн бодлогын ийнхүү аксиоматик шинжтэй бүтээж чадвал тэр бодлого  зөрчилгүй тул хэрэгжих боломжтой, гүйцэт тул хэрэгжих чадамжтай, хамааралгүй тул хэрэглэх хялбар дөхөм болсон байх юм.Ийм бодлого тохирцтой[6] байдаг.
Бодлого (бичвэр хэлбэрээр)-ын аксиоматик шинж
Үндсэн бүрдэл (элемент)
 Үндсэн ойлголт, ухагдахуун, үг хэллэг
Үндсэн харьцаа
  Үндсэн ухагдахуун, үг хэллэг, тэдгээрийн хооронд байх харьцаа, хамаарал, уялдаа холбоо
Аксиом
Бодлогыг тээсэн баримт бичгийн үндсэн өгүүүлбэр (хууль, журмын заалт)
Гаргалгааны дүрэм
Бодлогод хүргэсэн эх бодлыг бүтээсэн бодох, сэтгэх дүрэм, логик
Өгүүлбэр
Үндсэн ухагдахуун, тэдгээрийн хооронд байж болох харьцаа болон гаргалгааны дүрмийн тэмдэглэгээний дурын нийлэмж
Теорем
Бодлогын заалт иш үндэс болгон авч түүнээс гаргалгааны дүрмээр хүрч буй дурын өгүүлбэр, шийдвэр
       Бодлогод аксиоматик шинж байна. Энэ үзэл санаагаар бодлогыг шинжих нь түүнийг боловсруулах аксиоматик гэгдэх нэгэн аргачлалыг санал болно.Бодлого боловсруулах аксиоматик аргачлалыг өнөөгийн цагийн монголчууд бидний үндсэн үнэт зүйлийг тээгч үндсэн хуулийг хэрхэн бүтээх жишээгээр харуулж хавсаргав (Хавсралт 1). 
Диконструктив онол
            Тэмдэгт соёлын мэдрэмжтэй. Иймд аливаа бичвэр (текст)-ийг цор ганц утгатайгаар бүтээж үл чадна. Энэ бол диконструктив ухааны[7] суурь зарчим, тулганы чулуу юм. Энэхүү зарчмын үүднээс аливаа бичвэр, үг хэллэгт хандаж сэтгэхийг л угтаа  диконструктив сэтгэлгээ буюу үл хууртах[8] ухаан гэдэг.
            Үгийг илэрхийлэхэд хэрэглэсэн дүрс, үсэг, түүний илэрхийлж буй дүрэм, түүгээр харилцаж буй арга хэлбэр бүгд зохиомол бөгөөд соёллог байдаг. Утга илэрхийлэх хэрэгслэл бүрийн энэхүү соёллог чанараас болоод аливаа үг, хэллэг, өгүүлбэр, ер нь аливаа бичвэр диконструкц (аливаа зүйлийг бүтээхэд хийсэн үйлдэл бүрийг буцаах) хэмээх үйлдлээр өөр өөр утгыг илэрхийлээд байдаг нь сонин авч энэ нь жам ёсны хэрэг. Энэ нь хүмүний хэл жинхэнэ утгыг жинхэнэ байдлаар илэрхийлж чаддаггүй гэсэн санааг агуулна. Утгыг илэрхийлж буй хэлний хэлбэрийн ийнхүү соёллог байдлаас болоод аливаа бичвэр өөртөө нэг биш, харин хэд хэдэн утгыг шингээж, тээж байдаг. Ийм учраас хүний бүтээсэн бичвэр бүхэн ганц биш, харин олон утгыг өөртөө тээж, түүний хэмжээгээр бусдад өөр өөрөөр ойлгогддог байна (Jacques Derrida, 1974).
            Диконструктив ухаан, сэтгэлгээг урлагт хэрэглэснээр бидэнд уламжлагдан үлдсэн итгэл үнэмшил, үзэл хандлагыг эвдсэн шинэлэг хийц, хэлбэр, зохиомж  гарч ирдэг бол харин улс төр, хуульд хэрэглэснээр тэгш байдал, шударга ёсны тухай ойлголт зохиомол бус харин төрмөл, анхдагч шинж руугаа илүү ойртож тодорхойлогдоно. Харин унших, судлахад, ер нь,   боловсролд хэрэглэснээр “үг хөөн уншиж, судлах бус, харин утга барих” гэсэн нэгэн шинэлэг арга зүйг бий болгодог. Диконструктив ухаан олон талбарт өргөн хэрэглэгддэг (MAKARI,2014).
            Бичвэрт диконструктив ухаанаар хандаж, буцах үйлдлийн задаргааг онож хийснээр түүний илд, далд санаа; үнэн, худал байдал; бодит, хуурмаг шинжийг амархан тогтоож чадна, бас  эргүүцлэлийг сайхан өрнүүлж болно. Бичвэрт диконструктив  задаргаа  хийж, түүнд агуулагдаж буй өөр өөр утгыг хэрхэн илрүүлэн барьж болохыг зарим жишээгээр доор толиулж байна.
Жишээ 1
            Манай сонгогчдод одоо сонин байж болох энгийн нэгэн жишээгээр эхэлье. Нэгэн улс төрчийн сурталчилгаанд "Ард түмэнтэйгээ амь нэгтэй байна" гэсэн хэллэг, бичвэр өргөн хэрэглэгддэгийг хүн бүр бараг л мэднэ байх. Үүнд диконструктив задаргаа хийж, үл хууртах ухаанаар шинжилье. Энэ бичвэрээс “Ард түмэн” гэдгийг эхлээд салгаж авья.  “Ард түмэн”  гэдэг магадгүй “олон хүн”, цаашилбал, нийгмийн хөгжлийн урд биш, харин, ард байгаа дор хаяж 2 хүн, үгээрээ нь бол 10 мянган хүн гэсэн чинхүү утгатай юм. Одоо энд “амь нэгтэй байх”  гэсэн хэсгийн утгыг нэмж  санавал “нэг хүн дор хаяж хоёр хүнтэй нэг зэрэг нэг амьтай байна” гэсэн утга илэрнэ. Ердийн хүний хувьд ийм юм байж үл болно. Эндээс үзэхэд уг өгүүлбэрт диконструктив шинжилгээ хийснээр түүнд сурталчилгаанд хэрэглэгдэж байгаагаасаа өөр нэгэн утга бас байгааг ийнхүү олж болж байна.
Жишээ 2
            Залуучуудад сонин байж мэдэх өөр нэгэн жишээг танилцуулж байна. “Би чамд хайртай”  гэсэн хэллэгт диконструктив задлал хийе.  “Би” гэдэг энэ үг  тухайн хүний хувьд бусдыг гэхээс илүү “би” гэснийг, цаашилбал “би” гэсэн үзлийг нь илүү илэрхийлнэ. Харин “Хайр” гэдэг, уг чанараараа, өөрийгөө гэхээсээ илүү өрөөлийн төлөө гэсэн утга агуулгыг өөртөө илүү тээж явдаг юм. Иймд хайрын уг мөн чанар нь үнэндээ нөхцөлгүй байдаг. Хайрлахдаа нөхцөл тавьдаг хайр бол хайр бус юм. Ийм нөхцөлгүй хайрыг хүүхэд жинхэнэ эцэг, эхээс мэдэрдэг байх. За тэгээд цаашилбал, гэгээрсэн нэгний хамаг амьтныг хайрлах хайраас түүний мөн чанарыг олж харж болох биз. Хамгийн гол нь,  хайрын мөн чанар нь бусдыг нөхцөлгүй хайрлахад л оршихон л дээ. Гэтэл “Би чамд хайртай” гэсэн энэ хэллэгт “би” гэсэн үзэл шингээстэй, бүр ил бичээстэй байна. Жинхэнэ хайр нөхцөлгүй, тэр тусмаа “би” гэсэн үзэлгүй, “би” гэсэн нөхцөлгүй байх тул “Би чамд хайртай” гэсэн бичвэрт хайрын мөн чанар үнэндээ алга байна.  Мөн тоон утгаар хэлбэл, “ Би чамд хайртай” гэсэн хэллэгт буй хайрын тоон хэмжээ дэлхийн хүн ам 7 тэрбумын нэгтэй тэнцүү байна. Энэ нь хайрын хувьд бага тоо биш. Гэвч ийм хайрын  уг чанар, шинж байдлын “эвгүй” нь түүний тоон утгын  их, багад нь биш, харин 7 тэрбумаас нэгийг хассантай тэнцүү тооны хүнд үүнийг хэлэгч, тээгч хайргүй байж мэдэх вий дээ гэсэн эргэлзээнд хөтөлж буйд байна. Хайргүй байна гэдэг үзэн ядахтай төрөл нэг, хэлбэр ижил. Ийм учраас л зарим соёлд “Би чамд хайртай” гэж хэлэх бус, харин “Би чамд хайртай” гэдгээ нотлохыг чухалчлан үздэг уламжлал одоо хүртэл амь бөхтэй оршсоор байдаг биз ээ. Хайр хэллэгддэггүй, харин мэдрэгддэг болохоор тэр биз.
Жишээ 3
            Төрийн албан хаагчдад хэрэгтэй байж мэдэх өөр нэгэн жишээг танилцуулья. “Төрийн үйлчилгээг иргэдэд адил тэгш хүргэнэ” гэсэн хэллэгийг диконструктив үүднээс шинжилье. Эхлээд “иргэд” гэдэгт анхаарлаа хандуулья. Иргэд олон янз. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, өндөр, нам; тарган, туранхай гээд л олон шинжээрээ иргэд хоорондоо ялгагдана. Эндээс харахад “яг адилхан шинж байдлыг тээж яваа хоёр иргэн” гэж байж болохгүй нь илт. Одоо “төрийн үйлчилгээ” гэдэгт анхаарлаа хандуулья. Төрийн үйлчилгээ  бол адил тэгш, ижил чанар, хэмжээтэй байх ёстой. Хэрэв төрийн үйлчилгээ өөр өөр байвал энэ “ялгаварлан гадуурхах” гэсэн үйлдэл болох биз. Иймд төрийн үйлчилгээнд  адил тэгш байх зарчмыг баримтална, тодруулбал, нэг бүлгийн хоёр хүнд ижил хэмжээ, чанартай үйлчилгээг адил тэгш хүрэхийг чухалчилдаг. Одоо утгуудыг нэгтгэн үзвэл, “Ялгаатай хүмүүст ялгаатай бус үйлчилгээг адил  тэгш хүргэнэ” гэсэн утга гарч байна. Энэ нь  угтаа “Хоёр өөр хүнийг яг тэнцүү халамжилна” гэсэн утгатай дүйцнэ.  Ийм зүйл бодит байхад нэн амаргүй, ер нь  үл болох тул “Төрийн үйлчилгээг иргэдэд адил тэгш хүргэнэ”  гэсэн бодлого хэзээ ч бодиттой оршихгүй, хэрэгжихгүй гэсэн үг юм. Чухам ийм учраас “Төр бодлогыг олигтой хэрэгжүүлдэггүй” гэсэн шүүмжлэл амьдралд тасардаггүй биз ээ.


Бодлого диконструктив инвариант болох нь
         Бичвэрийн диконструктив задаргаанд өөрчлөгдөхгүй үлдэж байгаа утга, конструкцийг бичвэрийн диконструктив инвариант гэж нэрлэе. Зөвхөн диконструктив инвариантаас бүрдсэн бичвэр бүхий бодлого нь хэрэглэгч бүрт нэг мөр, нэг утгаар ойлгогдох юм. Бичвэр нь ийм шинжтэй бодлого утгын хувьд төгс төгөлдөр байна. Ийм учраас бодлого  бичвэрийнхээ диконструктив инвариант байвал зохилтой юм.
      Бодлогыг бичвэрийнхээ диконструктив инвариант болсон байхаар  бүтээхийн тулд эхлээд түүний бүтцийн  аксиоматик шинжийг ашиглан үндсэн ухагдахуун, үг хэллэг, үндсэн харьцаа, гаргалгааны дүрэм, заалт (аксиом)-д диконструктив задаргаа (хувиргалт) хийж, диконструктив инвариантыг олж түүгээр бодлогын бичвэрийг дахин хэлбэржүүлнэ. Ингэж бүтээгдсэн бодлого бичвэрийнхээ диконструктив инвариантаас бүрдэнэ. Ийм бодлого найдвартай  байдаг.
            Бодлогын аксиоматик шинж нь түүний тохирцыг илтгэдэг бол диконструктив инвариантлаг шинж нь найдварыг харуулна. Бодлогын аксиоматик-диконструктив энэ чанараас түүний найдвар, тохирцтой хэмжих хэмжүүрийг бүдүүвчилж болно (Хүснэгт 3)
Бодлогын найдвар, тохирцын хэмжүүр

Хэмжээс

Шалгуур
Бодлого (бичвэр)-ын бүрдэлжилт
Бодлогын хэрэгжилт
Үндсэн ухагдахуун
Үндсэн харьцаа
Заалт
Гаргалгааны дүрэм
Шийдвэр

Аксиоматик
Зөрчилгүй байх 





Хамааралгүй байх





Гүйцэт байх





Гаргалгааны дүрэмтэй байх





Диконструктив
Нэг мөр ойлгогдохоор нэг утгатай байх






            Энэхүү хэмжүүрийг бодлогыг найдвар, тохирцтой бүтээхэд хэрэглэхийн чацуу хэрэгжиж буй бодлогод аксиоматик-диконструктив шинжилгээ хийж түүний найдвар, тохирцыг тогтооход шинжүүр, хэмжүүр болгон ашиглаж болно. Үлгэр болгон нэгэн бодит хуулийн бодит заалтыг  дор авч үзнэ.  

Бодлогын диконструктив шинжилгээний бодит жишээ

            Одоо мөрдөж буй Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн арван зургаа дугаар зүйлийн 7 дугаарт “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэж заасан байдаг (Монгол Улсын Үндсэн хууль, 1992).

            Боловсролын хөгжлийн үндсэн хуулийн үндэслэл, аксиом нь болж хэрэглэгдэх дээрх гурван заалтад аксиоматик-диконструктив шинжилгээг  найдвар, тохирцын хэмжүүрийн дагуу хийе.
            Эхлээд, эдгээр заалтууд диконструктив задаргаанд үл өөрчлөгдөх утгыг агуулж байна уу гэдгийг шалгая. Үүний тулд дор хаяж хэд хэдэн диконструктив задаргааг хийж үзнэ. Диконструктив онолын хувьд тэмдэгт бүхэн дор хаяж хоёр өөр утгатай байх тул зарчмын хувьд эдгээр заалтууд диконструктив задаргаа бүхэнд өөр өөр утгыг илтгэж байх ёстой. Жишээлбэл, “сурч боловсрох эрхтэй” гэсэнд “Хүн л сурч боловсорно. Хүн бие, оюун, спирит[9] бүхий оршихуй” гэсэн утгуудыг орлуулан үзвэл, “Хүн бие, оюунаараа төдийгүй бүхэллэг байдлаар, тухайлбал, спиритийнхээ хувьд сурч боловсрох эрхтэй” утганд амархан хүрнэ.  “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн өгүүлбэрийг түгээмэл ойлгогдох утгаар авч өмнөхтэй нэгсэж харвал “Төрөөс бүх нийтэд бие, оюун, спиритийн  ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн утганд хүрнэ. Үүнд дээр “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургуулийг байгуулан ажиллуулж болно” гэсэн утгыг нэгтгэж бодвол “Төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль  бүх нийтэд бие, оюун, спиритийн  ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн утганд хүрнэ. Эндээс “хүн бие, оюун төдийгүй спиритээрээ сурч боловсрох эрхтэй. .... Төрөөс хүний ийм ерөнхий  боловсролыг төлбөргүй олгоно. ... хүний ийм ерөнхий боловсролыг хувийн сургуулиар төлбөргүй олгоно” гэсэн утга агуулга бүхий заалтууд гарч иржээ.
            Диконструктив нэгэн задаргааны дүнд “хүн спиритийн ерөнхий боловсролыг төлбөргүй олно, мөн ерөнхий боловсролын хувийн сургууль хүнд ийм ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн өмнөхөөс эрс өөр, шинэлэг утга агуулга илэрсэн байна. Ингэхээр дээр хийж үзүүлсэн диконструктив задаргааны дүнд дээрх заалтууд дор хаяж хоёр өөр утгыг тээж байгаа нь харагдлаа. Эндээс эдгээр заалтууд диконструктив инвариант болтлоо төгөлдөржиж чадаагүй байгаа нь нотлогдоно.  
            Цаашилбал, эдгээр заалтууд аксиоматиктай эсэхийг шинжиж болно. Бодлогын заалт бүр бол аксиом шинжтэй тул үл тодорхойлогдох байдал, анхдагч байдал зэрэг шинжээрээ ижил эрэмбийн байх ёстой юм.  Энэ утгаар харвал “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн заалт нь “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн заалттай ижил эрэмбийн байж үл чадна.  Өөрөөр хэлбэл, “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэдэг нь үндсэн хуульчлагдах эрэмбийн заалт биш юм.  Мөн үндсэн хуулийн эдгээр заалтуудыг иш үндэс болгосон аливаа шийдвэр бүхэн эрүүл оюун ухааны эрүүл сэтгэлгээний хуулиар зөрчилгүй байх ёстойг санавал “Иргэдийн төрөөс тавих шаардлагад нийцүүлж байгуулсан хувийн сургуулиар ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн шийдвэр нь теорем мэт цаашид хэрэглэгдэх ёстой юм. Гэтэл манай улсад ерөнхий боловсролыг төлбөртэй олгодог ерөнхий боловсролын хувийн олон  сургууль бодиттой оршиж байна. Энэ нь зөрчил юм. Энэ зөрчил бол бүхлээр авч үзвэл үндсэн хуулийн эдгээр гурван заалтын дотоод зөрчил, мөн тэдгээрийн бусад бодлоготой үл нийцэж буй зөрчил, цаашилбал, сэтгэх, бодохын зөрчил, гаргалгааны дүрмийн зөрчил болох юм.  Энэ мэтээр дээр заалтуудад бодлогын найдвар, тохирцын шинжилгээг хэмжүүрийн шалгуур, бүрдэл бүрээр дэлгэрэнгүй хийж болно. Ингэх нь зөвхөн сонирхолтой төдий бус хуулиар засаглах засаглалын хэлбэрээр улс орноо хөгжил дэвшилд зөв хөтлөхын төв замыг олж заахын цэнэтэй үйлс мөн.
            Монгол Улсын Үндсэн Хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн арван зургаа дугаар зүйлийн 7 дугаарт “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэсэн боловсролын хөгжлийн хөтөч болсон заалтад хийсэн аксиоматик-диконструктив хялбар шинжилгээнээс эдгээр заалт нь диконструктив инвариант биш болох нь, мөн аксиоматик шинжтэй бус болох ийнхүү тус тус харагдаж байна.

Үр дүн

Бодлогын  аксиоматик-диконструктив үндэс

            Бодлого, мөн чанараараа, бодол бол хэлбэрээрээ бичвэр юм. Бодол болохынхоо хувьд тэр үнэний хууль зүй тогтол, онолд захирагдана. Бичвэр болохынхоо хувьд бичвэрийн жам ёс, хууль зүйд нийцнэ. Үнэний дедуктив онол аксиоматизм, бичвэрийн шүүмжлэлийн онол диконструктивизмын ур ухаанаар бичвэрэн бодлогыг шинжвэл тэр нэг талаасаа,  аксиоматик, нөгөө талаасаа, диконструктив байгууламж болно. Аксиоматик байснаар бодлого зөрчилгүй, цэмцгэр, хээнцэр, хүчирхэг болдог бол диконструктив  болсноор  тэр нэг мөр, утга төгөлдөр бүтээгдэнэ. Аксиоматиктай бодлого тохирцтой,  диконструктив бодлого найдвартай. Аксиоматиктай бодлого иймд “лобби” үгүй, диконструктив бодлого тиймд  “цоорхой” үгүй. Аксиоматик, диконструктив ур ухаан ингэж бодлогыг “цоорхой” үгүй, “лобби” үгүй, харин гагцхүү хээнцэр, эрхэмсэг, утга төгөлдөр, хүчирхэг оршиж хэрэгжихээр бүтээхийн нэгэн үндэс болж өгдөг.

 

Дүгнэлт

               Аливаа бодлого нь аксиоматик байгуулалттай диконструктив инвариант болно. Бодлого иймд аксиоматик, диконструктив үндэстэй байдаг.
             Бодлогын найдвар түүний аксиоматикжилтаар илэрхийлэгдэх бол түүний тохирц харин түүний диконструктив инвариантлаг чанараар илэрнэ.
             Бодлогын найдварын зэрэг, тохирцын хэмжээг бодлогын аксиоматик-диконструктив   шинжилгээгээр илрүүлж хэмжиж болно.
              Аксиоматик байгуулалтай, диконструктив инвариант болж чадах аливаа бодлого найдвартай, тохирцтой байна. Найдвар, тохирц нь тогтоогдсон аливаа бодлого хэрэгжих чадамжтай байдаг. Утга төгөлдөр хэрэгжих чадамжтай аливаа бодлогод “цоорхой” байдаггүй, “лобби” ордоггүй.

Ном зүй

Монгол хэлээр:

Монгол Улсын Үндсэн Хууль, 1992,  https://www.legalinfo.mn/law/details/367

Англи хэлээр:

Jacques Derrida. (1974). Of Grammatalogy, The Johns Hopkins University Press Baltimore and London.

Efimov, N.V. (1980). Higher Geometry, Mir Publishers, Moscow 
Elly MakarI. (2014). Deconstruction theory and its influence in modern literature, Catholic University of Eastern Africa, retrieved from https://www.academia.edu  DeconstructionTheory
Stanford Encyclopedia of Philosophy, 2010, retrieved from https://stanford.library.sydney.edu.au/archives).









Хавсралт

Үндсэн хуулийг босгох математик аргачлал


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлэгт дор дурдсан  үг хэллэг олонтоо сонсогдсон. Үүнд:

“27 жил болсон учраас нэмэлт өөрчлөлт хийх шаардлага гарсан”. “Энэ хугацаанд нийгэм их өөрчлөгдсөн учраас нэмэлт өөрчлөлт хийж байгаа юм;”Үндсэн хуулиар малыг төр хамгаалахаар болсон нь малчинг хамгаалалтад хүргэсэн”.“Үндсэн хуулинд ёс суртахууныг тусгаж оруулмаар байна”...”Хүн бүр тэнцүү биш, ялгаатай”.... “Норвеги ингэж заасан байна, Канад тэгсэн байна...”, “Орон нутгийн гүйцэтгэх удирдлага болох засаг даргыг нэгэн зэрэг сонгоно, бас томилно”; "Байгалийн баялаг төрийн өмч байна", ...
Гэвч Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэгт харин “нэмэлтээр оруулж байгаа ийм заалт нь одоо байгаа тийм заалттай зөрчилтэй байна; эсвэл утгын давхцалтай байна; эсвэл хамааралгүй байна; эсвэл шинээр оруулж байгаа заалтууд нэмэгдээд энэ хууль бүхэлдээ манай нийгэм улс оронд байж болох боломж бүх асуудлын шийдлийн хууль зүйн үндэс болж чадна” гэх зэрэг утга агуулга бүхий санал харин хомс сонсогдох юм.

Эл бодит байдал  бидэнд аливаа бодлого, түүний бичвэрэн хэлбэр болох хууль, тогтоол, журам, дүрмийн эх үндэс, иш язгуур болж хэрэглэгдэх Үндсэн хууль хэр зэрэг аксиоматик шинжтэй, мөн түүний бүрдэл, заалт бүр нь хэр зэр динконструктив инвариантлаг вэ гэсэн асуултыг дэвшүүлдэг. Эндээс үндсэн хуулийг яаж ийм байхаар бүтээх вэ гэсэн асуудал мөн урган гарна.

Энэ асуултад бодлогын аксиоматик, диконструктив шинжилгээ хийснээр түүнийг аксиоматик, диконструктив үндэстэйгээр бүтээх таван алхамт аргачлалыг санал болгож болдог. Үүнд:

1.    Үндсэн  хуулийн үндсэн агуулга болох үнэт зүйлийн суурь тогтолцоог  ялгах

            Үндсэн хуулийг хөгжлийн үндсэн чөдөр биш харин хөгжлийн үндсэн хөтөч болох үүргээр нь ухаарвал түүний агуулга нь үндсэн үнэт зүйлийн суурь тогтолцоо юм. Түүнийг ялган тогтоож дараах дөрвөн бүрдлээр бүтэцлэвэл зохино:  

1. Үндсэн ухагдахуун, ойлголтыг тодорхойлсон тодорхойлолт
2. Үндсэн харьцааг тодорхойлсон тодорхойлолт
3. Монгол түмэнд математикийн аксиом мэт үнэн, үнэт цэнэтэй байх атлаа хөгжлийн хөтөч болох чадалтай өгүүлбэр, заалт
4. Гаргалааны дүрэм лугаа хэрэглэгдэх зарчим
5. Үндсэн хуулийн заалтын гүйцэт болохын үндэслэл, тайлал, тайлбар.

2.  Үндсэн ойлголт, ухагдахууныг тодорхойлох

“Үндсэн ухагдахуун, ойлголт хэсэгт  энэ улсын түүх, соёлоор өнгөрсөнд бий болсон, одоод байгаа, ирээдүйд  бий  болох үнэт зүйл болох ухагдахуун, ойлголтыг үндсэн, суурь гэдэг утгаар тодотгон ялгаж, агуулгыг нь нэг мөр болгон тодорхойлж өгнө. Жишээлбэл, хүн, амьтан, байгаль, дэлхий, ертөнц, үнэн, худал, сайн, муу, сайхан, муухай, орших, одох, үхэл, амьдрал, эрх чөлөө, хүний эрхийн тухай монголчуудыг нэгтгэсэн ойлголт, ухаарлыг нэгсгэн энд бичих хэрэгтэй болно. Тухайлбал:

-Хүн  бие, оюун, сэтгэл бүхий оршихуй юм. ...Амьтан  хүн биш оршихуй....; Хүний эрх гэдэг хүн хийхэд түүнийг нь монголчууд зөв, төв гэж үзэх үйлийн хэм хэмжээг хэлнэ гэх жишгээр амьтны эрх, байгаль, дэлхий, ертөнц, ертөнц, төр, засаг. үнэн.худал, үхэл, амьдрал, эрх чөлөө, шашин, нийгэм, иргэн, иргэний, ардчилсан гэх мэт суурь ойлголтыг тодорхойлж бичсэн байх юм.

Энд үндсэн ухагдахуун, ойлголт гүйцэт, бүрэн байхаар ялгагдсан уу гэсэн асуулт гарч ирдэг. Үүний шийдэхэд ардаас сонгогдсон их хурлын гишүүдээс илүүтэйгээр үндэсний сэхээрэл, гэгээрлийн түвшин их хэрэгтэй байдаг.

2.    Үндсэн харьцааг тогтоох

“Үндсэн харьцаа” хэсэгт суурь үнэт зүйлийг илэрхийлсэн үндсэн ухагдахуун, ойлголтын хооронд байж болох харьцаанаас үндсэн, суурь болохыг нь ялгаж тодотгон бичсэн байна. Жишээлбэл, хүн хүнтэйгээ харьцах, хүн байгаль, ертөнц, дэлхийтэй харьцах харьцаанаас үндсэнг ялгаж гаргана. Тухайлбал, хүн өөртэй харьцах үндсэн харьцаа нь эргэцүүлэх, бодох, өөртэйгээ ярих, харилцах гэх зэрэг бол “хүн өрөөлтэй харьцах. хүн хүнтэйгээ харьцах үндсэн харьцаа нь ярилцах,  боолчлох, эзэнчлэх ... гэх зэрэг болох эсэхийг тогтоож өгнө. Цаашилбал,  хүн ялгаатай юу, тэнцүү юу, тэгш үү, адил нь уу; тэмцэлдэх үү, тэрсэлдэх үү, эсвэл хүндэтгэх үү, хайрлах уу; үржих үү, гэрлэх үү гэх зэргийг хэлэлцэж нэг мөр ойлгогдохоор шийдэх өгөх.

-Хүн амьтантай харьцах үндсэн харьцаа юу вэ?

Идэх үү, эсвэл ашиглах уу, эсвэл , Хайрлах уу, Хамгаалах уу? Эсвэл аль нь ч биш үү?

-Хүн байгаль, дэлхий, ертөнцтэй харьцах үндсэн харьцаа юу вэ?

Ашиглах уу, хамгаалах уу? Сүйтгэх үү, хамтран орших уу? Эсвэл аль нь ч биш үү?


-Шашин, улс нийгэм, хүний хоорондын үндсэн харьцаа юу вэ?

            Манай улс шашинт улс уу, шашингүй улс уу?

Энд бас үндсэн ухагдахуун, ойлголтын хооронд үүсэж болох боломжит бүх харьцаанаас үндсэн нь бүрэн гүйцэт байхаар ялгагдсан уу гэсэн асуулт зайлшгүй гардаг. Үүний шийдэхэд их хурлын гишүүдээс илүүтэйгээр үндэсний шинжээчийн чанар, чансаа хэрэгтэй. Бас танигддаг юм.

3.    Үндсэн заалтыг бичих

Гуравдугаар хэсэгт нь Монгол түмэнд “Хоёр цэгийг дайруулан цор ганц шулуун татаж болно” гэдэг шиг 27 жил бүү хэл 3000 мянган жилд ч, ерөөсөө цаг хугацааны уртаас үл хамааралтайгаар үнэн байж орших, хүлээн зөвшөөрөхүйцээр орших хүч чадалтай аксиом мэт өгүүлбэрийг жагсаан бичнэ. Энэ нь үнэндээ үндсэн хуулийн үндсэн заалт болох юм. Энэ утгаар нь түүнийг үндсэн хууль, эх хууль, мөн их хууль гэж ярьж болно.
Үндсэн хуулийн заалт гэж нэрлэгдэх аксиом мэт орших тийм өгүүлбэрийг бичнэ гэдэг ажлын хэсэг төдийхний хийчих зүйл биш юм. Бас нэг хоёрхон хэлэлцэншүү болоод ард түмнээсээ асуусаншуу болоод баталчихдаг эд биш. Ийм чухал үндсэн хуульд тийм хөнгөнхөн, гоомой хандвал тэр нь үндсэн нэртэй хөгжлийн үндсэн чөдөр л болдог. Харин тэр нь Үндсэн хууль гэгдэх хөгжлийн үндсэн хөтөч болж хэзээч чаддаггүй. Үүнийг ганц өгүүлбэрээр энд жишээ болгон үзүүлье.

Бүх хүн тэнцүү бүтээгдсэн[10]. Энэ өгүүлбэрийг Томас Жефферсон Америкийн тусгаар тогтнолын тунхаглалдаа анх хэрэглэсэн. Энэ өгүүлбэрийн утга санаа эцэстээ хаангүй улс, Бүгд найрамдах улсын эх үндэс болсон байдаг. Гэтэл саяхны болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх анхны хэлэлцүүлэгт “Хүн ялгаатай, тэнцүү биш” гэсэн санааг тод хэлсэн, тод гарсан. Хэрэв энэ санаа үндсэн хуулийн заалт болбол манай улсын хөгжил эцэстээ 1776 оноос өмнө үеийн хүн төрөлхтний түүх рүү эргэж очих юм. Хэн нь эзэн байхаар заяасан, хэн нь боол байхаар төрсөн гэдэг дээр зөрчилдөж тэмцэлдсээр, эцэст нь ялсан нь хэсэгтээ эзэн, ялагдсан нь түр боол болох замдаа орно л гэсэн үг юм. Тэгээд л дахиад л тэмцэлдэнэ...Эх хуулиндаа зөрчилдвөл эх адаггүй тэмцэлдэнэ гэдгийг утга санаа энэ.

Энэ мэтээр ямар өгүүлбэрийг яаж томьёолж Үндсэн хуулийн заалт болгох эсэх дээр их эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж эргэцүүлэхдээ энэ заалт хөгжлийн үндсэн чөдөр үү, эсвэл хөгжлийн үндсэн хөтөч үү гэдгийг онцгойлон эргэлдүүлбэл зохино.

4.    Гаргалгааны дүрэм болох үндсэн зарчмыг тодорхойлох

“Гаргалгааны дүрэм” хэсэгт сэтгэлгээний ямар хэлбэрийг зөв, үнэн, эрүүл гэж үзэхийг ялгаж, тэр хэлбэрээр яаж бодох, сэтгэх, ярих, ойлгохыг тогтох ёстой юм. Энэ бол үндсэн хуулийн бусад хэсгээсээ дутахааргүй хэцүү бас чухал хэсэг нь байдаг. Учир нь, энэ нь эцэстээ манай нийгмийн сэтгэлгээний хэв маяг, бүлүүдийн ойлголцлын дүрэм, хэл болох юм. Хуулиар хөтлөх, засаглах[11] гэдгийн утга учир энд бас оршино.

Жишээ болгон “Хүн гэрлэж болно” гэсэн өгүүлбэрийг авч үзье. Хүн зөвхөн эр, эм хүйстэй байна гэж үзэх нь уламжлалт хандлага сэтгэлгээ байж мэднэ. Эндээс уламжлалт сэтгэлгээгээр эр эм хүйстэн л гэр бүл болно гэсэн утга гарч мэднэ. Энэ нь формаль логикийн гуравдахийг үгүйсгэх хуулийг гаргалгааны дүрэм болгон мөрдөж байна аа гэсэн үг. Олон утгат логикоор харвал хүн хүйсийн хувьд эр, эм, эр ч биш, эм ч биш гэсэн дор хаяж гурван уггатай байж болно. Олон утгатай гаргалгааны дүрмийг баримталбал энэ өгүүлбэрээс янз бүрийн гэр бүл байж болохоор л болж байна.

Энэ мэтээр харвал гаргалгааны ямар хэлбэр, дүрмийг баримталж үндсэн хуулиа мөрдөх нь бидний онцгой анхаарвал зохих нэгэн зүйл бас мөн.

5.    Үндсэн хуулийн заалт гүйцэт болохыг үндэслэх

“Үндсэн хуулийн заалтын гүйцэт болохын үндэслэл, тайлал, тайлбар” хэсэгт бид үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслалыг хэрхэн ойлгох тухай тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хууль диконструктив инвариантаас бүрдсэн болохыг  үндэслэж бичнэ. Ийм учраас энэ хэсгийг унших нь эцэстээ Монголын түүх соёл, ухаарлын өнгөрсөн, одоо, ирээдүйг уншихтай дүйцнэ. Энэ нь иймд ийм л чухал үндсэн хуулийн ухаарлын хэсэг болдог юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын аксиоматик, диконструктив бэрхшээл

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг нь бодлогын аксиоматик-диконструктив үндэс, утга агуулгаар харвал  үндсэн ухагдахуунд ч, үндсэн ойлголтод ч, үндсэн харьцаанд ч, бас үндсэн заалтуудад ч, эцэстээ гаргалгааны дүрэмд ч өөрчлөлт орж байна гэсэн үг юм.  Нэг заалт өөрчлөгдөхөд аксиоматик-диконструктив тогтолцооны зөрчилгүй, хамааралгүй, гүйцэт, нэг мөр ойлгогдохтой холбоотой үндсэн дараах асуулт шинээр дэвшигддэгт л үүний утга учир тайлбарлагдана. Үүнд:

Зөрчилгүй байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бусадтайгаа зөрчилтэй юу?

-Хамааралгүй байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бусдаасаа хамааралгүй юу?

-Гүйцэт байх. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бүхий үндсэн хууль нь цаашид байж болох аливаа асуудлыг шийдвэрлэж байх, хөгжлийн хөтөлж байх утгаар гүйцэт үү?

- Нэг мөр ойлгогдох байдал. Энэ нь шинээр нэмсэн, эсвэл өөрчилсөн заалт бүхий  үндсэн хууль нь диконструктив инвариантлаг чанартай хэвээр үү?

Үндсэн хуульд ганц ч болов заалт өөрчлөх нь иймд үндсэн хуулийг шинээр босгохтой аксиоматик-диконструктив утгаараа ч, хийх ажлын хэмжээгээр ч адил тэнцүү болдог. Иймд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг тийм ч оносон хэллэг биш. Харин үндсэн хуулийг дахин бүтээнэ гэх нь илүү оносон нэршил мөн.

Үндсэн хууль хэдий чинээ аксиоматик-диконструктив болно төдий чинээ  математиклаг л болдог.  Учир нь математик бүх зүйл. Бүх зүйл математик юм. Ийм учраас үндсэн хууль ч угтаа математик. Математик ч үндсэн хууль. Бас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ч математик л юм.

Ийм учраас үндсэн хуулийг математикаар харж, аксиоматик, диконструктив шинжтэй бүтээн босгож чадвал тэр зөрчилгүй, хамааралгүй, гүйцэт, ганган, хээнцэр, хүчирхэг, чадварлаг болдог. Ингэж бүтээгдсэн Үндсэн хууль хөгжлийн чөдөр бус харин хөгжлийн үндсэн хөтөч болдог юм.








[1] Rule of Law
[2] Green paper, White paper
[3] Consistency
[4] Compact
[5] Potential
[6] Valid
[7] Deconstructive theory
[8] Deconstructivism
[9] Spirit
[10] All men are equally created.
[11] Rule of Law)

Comments

Popular posts from this blog

“БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, БОЛОВСРОЛЫН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗӨВЛӨМЖ