“БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, БОЛОВСРОЛЫН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗӨВЛӨМЖ
“БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, БОЛОВСРОЛЫН ШИНЖИЛГЭЭ” ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗӨВЛӨМЖ
МУБИС, МУИС, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил
дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв хамтран үндэсний түвшинд 6 дахь
удаагаа зохион байгуулсан “Боловсролын бодлого, бодлогын шинжилгээ” сэдэвт
эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн судалгааны өгүүлэл, илтгэлийн гол үр
дүнг нэгтгэн дор дурдсан санал, зөвлөмжийг гаргав. Үүнд:
Нэг. Үндэсний аюулгүй
байдал, тусгаар тогтнолын баталгааг хангахад чиглэсэн боловсрол бодлого, арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх талаар:
1.1. Монгол Улсын боловсролын бодлогод Үндэсний
аюулгүй байдлын үүднээс шинжилгээ хийж, үндэсний оюун санааны нэгдмэл
байдлыг хангах боловсролын бодлогыг оновчтой боловсруулж, үндэсний хэмжээнд
дагаж мөрдөх үзэл, баримтлал, номлолыг бий болгох,
1.2. Монгол Улсын Их
Хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс боловсролын талаар
баримтлах бодлого /2014-2024 он/” баримт бичигт “...Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн
амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх
ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол,
аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн
тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх цогц арга
хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх,
1.3. Монголын Улсын мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үй олноор
хөнөөх зэвсгээс хамгаалах /ҮОХЗХ/ буюу “Иргэний хамгаалалт”-ын бэлтгэл
хичээлийг оруулдаг болох,
1.4. Өнөө үед
уламжлалт бус аюул ихсэх хандлагатай байгаа учир үүнийг боловсролын бодлого
боловсруулахдаа авч үзэх, ялангуяа хүн ам зүйн аюулгүй байдал, соёл иргэншлийн
аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх,
1.5. Хэл-соёлын
аюулгүй байдлын хүрээнд 13 нас хүрээгүй
хүүхдэд гадаад хэл заахыг хуулиар дор дурдсан үндэслэлээр хориглох.Үүнд:
-Нэгдүгээрт, бага насны хүүхэд эх хэлээ сурахын
зэрэгцээ гадаад хэл сурснаар сэтгэн бодох чадвар нь доройтддог.
-Хоёрдугаарт, гадаад хэлийг дагаад гадны соёлд уусч
оюун сэтгэлгээний хувьд төрлөх соёлоо гээж Монгол хүн биш болдог.
-Гуравдугаарт, гадаад хэлээр дамжуулж бага, өсвөр
насны хүүхдийг гадны шашинд оруулах замаар шашин-соёлын хүчтэй түрэлт хийгдэх
төлөв хандлага бий болж байна.
1.6. Аюулгүй байдал судлалын хичээлийг их, дээд
сургуулийн хөтөлбөрт заавал судлах хэлбэрээр оруулах,
1.7. Ерөнхий боловсролын
сургуулиудын аюулгүй байдлын хангах, бүх түвшний сургуулийн барилгын засвар
үйлчилгээний болон орчны аюулгүй байдлыг хянах, улмаар энэ талаар сургалтын
хөтөлбөрийг хэрэгжүүлэх цэрэгжилтийн
багшийг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх,
1.8. Бүх
шатны боловсролын байгууллагад шашны үйл ажиллагаа явуулахыг хориглох, энэ
талаарх хуулийн заалтын хэрэгжилт хяналт тавих, бодлого хэрэгжүүлэх,
1.9. Аюулгүй байдлын
болон эрсдэлд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шаардлага үүссэн
үед яаралтай шилжих бэлтгэлийг хангах,
1.10. Аюулгүй байдал,
батлан хамгаалах бодлого судлалын хүрээлэн төвүүдтэй Боловсролын хүрээлэн,
МУБИС, МУИС-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх,
1.11. Их дээд
сургуулиудад цэргийн тэнхмүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх,
1.12. Ирээдүйд шинээр
үүсэж бий болох аюулыг судлах хүрээлэнг байгуулж, судалгааны үр дүнг боловсролын
бодлого үйл ажиллагаанд тусган ашиглах ажлуудыг даруй эхлүүлэх,
1.13. Ерөнхий боловсролын
хувийн сургуулиудын хөтөлбөрийн зорилго, агуулга манай улсын баримталж буй
бодлоготой нийцэж, тохирч байгаа байдал, тэдний суралцагч болох монгол хүүхдийн
хэл соёлын аюулгүй байдал, мөн тэнд ажиллаж байгаа гадаад иргэн, багш нарын ёс зүй, ёс суртахуун,
боловсрол, мэргэшсэн байдалд тус тус хяналт тавьж үнэлгээ хийх бодлого гаргаж, үйл
явцыг журамлах,
1.14. Хүүхдийг цахим тоглоомд
донтуулах, цахим тэнэглэл, дэмийрэлд хүргэхэд таатай орчин нөхцөл боломжийг бүрдүүлж
ирсэн компьютерийн тоглоомын газар, түүний тойрсон хор нөлөөллийг бодиттойгоор нийтэд
сурталчлан таниулах, ийм үйл ажиллагааг 24 цагаар явуулж байгаа тоглоомын
газрын үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдон байгууллагатай хамтран ажиллан цахим тэнэглэл, цахим донтолтоос хүүхдийг урдьчилан
сэргийлэх үндэсний түвшний цогц арга хэмжээг тусгасан хөтөлбөр хэрэгжүүлэх.
Хоёр. Боловсролын
бодлогын хөгжлийг хангах чиглэлээр
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн боловсрол,
шинжлэх ухааны салбарын хөгжлийг хөтлөхөд чиглэсэн заалтуудын дотоод, гадаад
нийцэл, зохицол, зөрчилгүй байдал, гүйцэт, чадамжтай байдалд шинжилгээ хийж, үр дүнг олноор хэлэлцүүлж дүнг үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлтөөр тусгуулах стратеги, тактикийг
эртнээс боловсруулж хэрэгжүүлэх,
2.2. Боловсрол нийгмийг тэнцвэржүүлэх үндсэн үүрэгтэй салбар болохыг ямагт
анхаарч өнөөгийн боловсролын бодлого, зарчим, үйл ажиллагааны найдвар, тохирцыг
энэ утгаар нь дахин хянаж нягтлах,
улмаар боловсролын бүхий л бодлогыг лобби бүлгийн явцуу эрх ашиг, сонирхол, бизнес
хүсэл, шуналаас ангид байлгаж улмаар түүнийг улс орны язгуур эрх ашиг, монгол
хүний нийтлэг язгуур ашиг сонирхол, хүсэл тэмүүлэлд нийцүүлж, тохируулж
сайжруулах, мөн боловсролыг нийгмийн тэгш
байдлыг хангах, шударга ёсыг соёл болгох,
тэгш боломжийг хүн бүрт бий болгох зорилгын дор чанаржуулж боловсролын эрс шинэчлэлийн
бодлого боловсруулж, хэрэгжүүлэх,
2.3. Мэдлэг, чадвар эзэмших нь хүний нас туршийн үнэт баялаг болдогийг эх
үндэс болгон баялагийн тэгш хуваарлалтыг боловсролоор дамжуулж хийх цогц бодлогыг
хэрэгжүүлэх. Үүний хүрээнд Монгол Улсад бүх шатны боловсролыг монгол хүнд үнэ
төлбөргүй олгодог тогтолцоог дахин бий болгож, түүнд шилжүүлэх цогц арга
хэмжээг авч хэрэгжүүлэх,
2.2. Боловсролын зорилгыг түвшин бүрт нь найдвар, тохирцтой оновчтой тогтоож
хэрэгжүүлэх, түүний найдвар, тохирцыг тогтмол хэмжиж сайжруулдаг байх,
2.3. Ерөнхий боловсролын зорилго хүүхдийг монгол хүн, монгол иргэн болгон
бэлтгэн, төлөвшүүлэхэд чиглэсэн байхаар ерөнхий боловсролын сургалтын
төлөвлөгөө, хөтөлбөр болон хуулийг шинжлэх, шинэчлэн зохицуулалт хийх,
2.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь үндэсний
хүний нөөцийг чанаржуулж чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн байхаар шийдвэрлэж энэ
талаар цогц бодлого хэрэгжүүлэх,
2.5. Их дээд сургуулийн сургалтын
төлөвлөгөөг зохицуулж буй Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2014 оны A/174 дугаар тушаалын утга агуулгыг дахин хянаж үзэх, улмаар энэхүү тушаал их дээд
сургуулийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсэгт ЕБС-иар судалдаг ихэнх
хичээлийг дахин судлуулж суралцагчдын сургалтын
төлбөр, цаг хугацааг үнэ цэнэгүй болгож байгаа эсэхийг хянан шалгах, ер нь их
дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт, түүний найдвар, тохирц дээд боловсролын хуулийн үзэл санаанд хэр
нийцэж байгаад мэргэжлийн хяналт шинжилгээ тогтмол хийж оюутанг найдвар, тохирцтой
сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр суралцах боломж нөхцлийг бүрэн хангасан
үндэсний бодлого, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
2.5. Боловсролын салбарт үндэсний боловсон хүчин дэвшин
ажиллах "МЕРИТ" зарчим алдагдсан байдлыг таслан зогсоож, боловсролын
салбарыг мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнээр хангах цогц арга хэмжээ авч
бодлого хэрэгжүүлэх,
2.6. Боловсролын салбарынханд эдийн засаг,
санхүүгийн боловсрол, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний ажлын үнэлэмжийг бодитой
болгох, мэдрэмж соёлыг дээшлүүлэх талаар судалгаа хийж, бодлого хэрэгжүүлэх,
2.7. Насанд хүрэгчдийн боловсрол, хөгжлийн асуудлыг
судалж, ард түмнийг соён гэгээрүүлэх ажлыг шинэ бодлого, агуулга, арга
хэлбэрээр эхлүүлэх,
2.8. Даяаршлын үйл явц, мэдээллийн
дайн, цахим түрэмгийлэл, мэдээлэл-сэтгэлзүйн гадны нөлөөллийг эрчимжүүлэх сөрөг
хандлагуудын эсрэг улс орны үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хэл соёлын
бодлого, боловсролын цогц байдлын
стратегийн ач холбогдлыг өндөрсгөх бодит шаардлага гарч байгааг тооцсон
арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх,
2.9. Боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн
харьцаа хэт алдагдаж, ингэснээр энэхүү салбар бүхэлдээ эмэгтэйлэг болж
эмэгтэйжих байдал газар авч гаарч байгааг онцгой анхаарч энэ салбарт хүйсийн болон жендерийн тэгш байдлыг
хангах цогц бодлогыг авч хэрэгжүүлэх,
2.10.
Боловсролын бүхий түвшний шалгалт, үнэлгээ болон
шагнал, урамшуулалтын найдвар, тохирц, утга агуулгыг хянаж, түүний танил тал,
авилга хээл хахуулиас ангид байлган найдвар, тохирцтой, утга агуулгатай байх
зарчмаар хөдөлмөрөө цэнэлүүлж үнэлүүлэх тогтолцоог бүх түвшинд бүрдүүлэх цогц
арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
ХАМТАРСАН ХУРАЛ ЗОХИОН
БАЙГУУЛАХ КОМИСС
КОМИССЫН ДАРГА ...............
ПРОФЕССОР Ц.ЛУВСАНДОРЖ
2020 оны 1 дүгээр сарын
23-ны өдөр
Comments
Post a Comment